Хүн ам, өрхийн мэдээллийн сан
Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн зорилго нь хүн амын тооллого хоорондын хүн амын тоог хянах, анхан шатны нэгжээс эхлэн бүх шатанд хүн амын тоо мэдээг үнэн зөв тодорхойлох, хүн ам, өрхийн талаарх мэдээллийн санг бүрдүүлэх, боловсронгуй болгоход оршдог.
Хүн ам, өрхийн мэдээллийн сан (ХАӨМС) нь тухайн өрхийн гишүүдийн мэдээлэл болон тухайн оны суурин хүн амын тайлангийн анхдагч суурь мэдээлэл, хүн амын нас, хүйсийн бүтэц, боловсрол, гэрлэлтийн байдал, шилжилт хөдөлгөөн, ажил эрхлэлт, орон сууцны төрөл, нөхцөл зэрэг нийгэм, эдийн засгийн зарим мэдээллийг цуглуулж, засаг захиргааны бүх нэгжээр боловсруулан гаргадгаараа ач холбогдолтой.
Үндэсний статистикийн хороо нь ХАӨМС-г ашиглан хүн ам, өрхийн талаарх засаг захиргааны анхан шатны болон нийгэм, эдийн засаг, хүн амын түүвэр судалгаа, хүн ам, орон сууц, мал тооллогын анхан шатны нэгж, хамрах хүрээг тодорхойлох суурь мэдээлэл болдог төдийгүй үндэсний болон бүсийн хэмжээний богино хугацааны төлөвлөлт хийх, бүх шатны Засаг дарга нар орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн бодлогыг боловсруулахад шаардлагатай чухал суурь мэдээлэл болдог.
ХАӨМС нь УБЕГ-ын иргэний бүртгэлийн системтэй холбогдсон тусдаа өөр систем юм.
Иргэн таны амьдардаг баг, хороо нь энэ мэдээллийн санг хариуцан хөтөлдөг юм. Энэхүү системээр Та өөрийн өрхийн мэдээллийг үнэн, зөв байгаа эсэхийг шалгана уу.